Цаг үе, үйл явдал
2026 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн Их говийн дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны цогцолбор барилга болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 35 байршилд байгаль хамгаалагчдын байр барих гэрээнүүдэд гарын үсэг зурж, гүйцэтгэгч ба
Эдгээр бүтээн байгуулалтын ажил нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, байгаль хамгаалагчдын ажиллах болон амьдрах орчин, нөхцөлийг дээшлүүлэх, байгаль хамгааллын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал хөрөнгө оруулалт юм.
Тухайлбал, Их говийн дархан цаазат газрын “Б” хэсэгт баригдах хамгаалалтын захиргааны цогцолбор нь захиргааны өдөр тутмын үйл ажиллагаа явуулах ажлын байрнаас гадна сургалт, уулзалт зохион байгуулах танхим, аялагч, жуулчдыг хүлээн авах байрлах өрөө, кофе шоп, үйлчилгээний зориулалттай талбай болон авто зогсоол зэрэг олон талт үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн цогцолбор байхаар төлөвлөгдсөн. Ингэснээр хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны орчин нөхцөл сайжрахаас гадна тухайн бүс нутгийг зорин ирэх аялагч, жуулчдад мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.
Харин ТХГН-ийн 35 байршилд баригдах байгаль хамгаалагчдын байр нь алслагдсан, хээрийн бүс нутагт үүрэг гүйцэтгэдэг байгаль хамгаалагчдад ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Тохиромжтой ажлын болон амьдрах орчинтой болсноор байгаль хамгаалагчид хариуцсан газар нутгаа тогтмол хянах, хамгаалалтын ажлаа шуурхай зохион байгуулах, байгаль орчны зөрчил, эрсдэлд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах боломж нэмэгдэх юм.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлууд нь ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлын хамгаалал ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн хүрээнд хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг юм.
Тус төсөл нь Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн. ХБНГУ-ын Засгийн газар болон KfW банкны урт хугацааны хамтын ажиллагаа, тууштай дэмжлэг нь Монгол Улсын байгаль хамгааллын салбарын чадавхыг бэхжүүлэх, байгалийн үнэт баялгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Ийнхүү төслийн хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтууд нь зөвхөн барилга байгууламж бий болгохоос гадна байгаль хамгаалагчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн урт хугацааны тогтвортой хамгаалалтыг дэмжих бодит үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болж байна.
Байгаль хамгаалагчдын ажиллах орчин сайжрах нь байгаль хамгааллын үр дүнг нэмэгдүүлэх чухал үндэс юм.