Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогтоор ахлуулсан Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн явцын үнэлгээний баг Ховд аймагт ажиллаж байна.
БОУАӨЯ, Германы Сэргээн Босголт Зээлийн Банк /KFW/-ны төлөөлөгч, төсөл хэрэгжүүлэх нэгж, төслийн зөвлөх баг, ТХГН-ийн холбогдох хамгааллын захиргаад, Байгаль орчны салбарын байгууллагуудын төлөөллийг аймаг орон нутгийн удирдлагууд өнөөдөр /2025.3.18/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар төслийн хүрээнд баруун бүс болон Ховд аймагт хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл нь 2020-2027 он хүртэл хэрэгжинэ. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Ховд аймгийн байгаль орчны салбарын 8 байгууллага, орчны бүсийн сумдад нийт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийжээ.
Цаашид 2025-2026 онд мөн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс Говийн их Дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны барилгыг Ховд аймгийн Алтай суманд барихаар төлөвлөсөн байна. Энэхүү барилга нь хамгаалалтын захиргааны оффис болон 4 айлын орон сууц бүхий цогцолбор барилга юм.
Аймгийн Засаг дарга М.Амарсанаа уулзалтын үеэр аймаг орон нутгийн эдийн засгийн үзүүлэлтийг тэлэх томоохон зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, төсөл орон нутагт үр дүнтэй хэрэгжиж байгаад талархал илэрхийллээ.
Мөн Ховд аймаг ирэх жилүүдэд ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана. Энэ хүрээнд 40,000 КУБ/М хогийг дахин боловсруулж 310 га төвлөрсөн цэгийг нүүлгэн шилжүүлэх зорилт тавьсан. Иймээс хог боловсруулах зарим техник тоног төхөөрөмж дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар санал уламжиллаа.
Байгаль орчин, эко системд үзүүлэх эерэг үр дүнгийн талаарх судалгаа, үндэслэлээ боловсруулж ирүүлсэн тохиолдолд дэмжин хамтран ажиллах талаар боломжтой эсэхийг судалж үзнэ хэмээн ХБНГУ-ын KFW банкны дунд хугацааны үнэлгээний зөвлөх Сюзанн Пешер хэлсэн үгэндээ онцоллоо
Төслийн баг энэ сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймагт ажиллаж, төслийн II, III шатны хэрэгжилттэй танилцан мониторинг хийх ба төслийн үйл ажиллагаанд тулгарч буй зарим асуудлаар талуудтай санал солилцохоор төлөвлөжээ.