bg

Цаг үе, үйл явдал

Баруун 5 аймгуудын сум дундын ойн ангиудад хээрийн нөхцөлд хэрэглэх үндсэн хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхыг бэхжүүлэх, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг сайжруулах, орчны бүсийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Эдгээр арга хэмжээний хүрээнд төсөл хэрэгжиж буй Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгийн сум дундын 7 ойн ангийн ажилтан албан хаагчдад хээрийн ажилд зориулагдсан 2 төрлийн майхан, аяны хөнжил, гудас, гарч чийдэн, усны халуун сав, батрей цэнэглэгч, яаралттай түргэн тусламжийн ижбүрдэл зэрэг 8 төрлийн 157 ширхэг 30 гаруй сая төгрөгийн өртөгтэй үндсэн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн хээрийн ажлын иж бүрдлийн танилцуулга, ашиглалтын заавар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг тухайн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэгч “Ай Си Ай систем Монголиа” ХХК-аас холбогдох ойн ангийн инженер, техникийн ажилтан нарыг оролцуулан зохион байгууллаа. Төсөлд хамрагдсан эдгээр ойн ангиудад 2022 онд 90 морины хүчин чадал бүхий Lovol 904 маркийн трактор болон анжис, борной, тармуур, модны нүх ухагч зэрэг 4 төрлийн иж бүрэн агрегатуудаар хангаж, 2023 онд судалгааны тоног төхөөрөмжүүд болон үндсэн тоног төхөөрөмжүүдийг ийнхүү олгоод байна.

Ойн ангийн ажилтан албан хаагчдыг хээрийн нөхцөлд ажиллах боломж нөхцөлөөр хангаж, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг ашигласнаар мод тарьж, ургуулах ажил механикжиж, ажлын бүтээмж эрс нэмэгдэж богино хугацаанд тарьц, суулгацын нөөцийг бий болгох боломж бүрдэж ойн менежментэд ахиц дэвшил гарч улмаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутгийн түвшинд амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бодит хөрөнгө оруулалт боллоо.

uploaded pictureuploaded pictureuploaded picture