Tөслөөс олгосон түймэртэй тэмцэх тоноглогдсон автомашинаар ой, хээрийн түймрийг богино хугацаанд унтраалаа

Булган аймгийн Зэд-Хантай бүтээлийн нурууны Дархан Цаазат газрын орчны бүс Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Хуурай хөндийн арын амуудад 2017 оны 3 сарын 31-нд ой, хээрийн түймэр гарсан. Түймрийн улмаас нийт 900 орчим га талбай шатсан байна. Түймрийг Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, гал унтраах 50 дугаар анги, орон нутгийн нийт 100 орчим иргэд хамтран богино хугацаанд цурманд оруулжээ. Уг ажиллагаанд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд олгосон ой, хээрийн түймэртэй тэмцэхээр тоноглогдсон УАЗ–390945-460 Фермер маркийн автомашин, багаж хэрэгслийн тусламжтайгаар түймрийг богино хугацаанд унтраажээ.

 

 

Урьдчилсан дүгнэлтээр бүрэн унтраагүй тамхины ишнээс гал гарсныг тогтоосон байна. Зэд-Хантай бүтээлийн нурууны ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч П.Батжаргал хэлэхдээ:

 

“Бид 31-нд гарсан түймрийг маргааш нь гэхэд л цурманд оруулж чадсан. Өмнө нь айл амьтнаас сав суулга гуйж, ус зөөж л гарсан түймрийг унтраана шүү дээ, машинтай болсоноор усаа тээвэрлэж аваачаад ревлондоо хийж үүрээд унтраах нь цаг хугацаа алдахгүй давуу талтай, гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон машингүй байсан бол энэ түймэр унтартлаа 2-3 хонох магадлалтай байсан” гэлээ.

 

Дашрамд дурьдахад, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар /КFW/ дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл 2015 оноос хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Нөмрөг, Онон-Балж, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатай нуруу, Улаан Тайга, Хангайн нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур, Хөгнө Тарна зэрэг тусгай хамгаалалттай газрын 14 захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон автомашин, багаж хэрэгслийг өнгөрсөн сард хүлээлгэн өгсөн нь энэхүү хаврын хуурайшилтын үед цаг үеээ олсон чухал ач холбогдол бүхий ажил болоод байна.

 

Мөн 4 сарын 1-нд Богдхан уулын ДЦГ-ын Түргэний амны 60 га газарт, 20-ны өдөр Хорго-Тэрхийн Цагаан Нуурын БЦГ-ын Овоотын ам болон 14-17-нд Хөвсгөлийн БЦГ-ын Хивэнгийн эхэд гарсан ой хээрийн түймрүүдийг энэхүү машинуудыг хэрэглэсний үр дүнд байгаль хамгаалагчид маань богино хугацаанд амжилттай унтрааж чадсан байна.

 

 

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn