Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн эхлэлийн семинар боллоо

ХБНГУ-ын санхүүжилтээр Сэргээн босголт, зээлийн (KfW) банкаар дамжуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ)-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн нээлтийн семинар 2015 оны 10-р сарын 13-ны өдөр Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болов.

 

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь 2013 оны 11 дүгээр сарын 13-нд Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Герман улсын Сэргээн босголт, зээлийн банкаар (KfW) дамжуулан Монгол улсад 2015-2020 он хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хэрэгжүүлэгч байгууллага болно.

Төслийн эхлэлийн семинарт Монгол улсын Засгийн газар БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бусад газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд, KfW банкны Азийн бүс нутгийг хариуцсан менежер болон Монгол дахь суурин төлөөлөгч, тус төслийн удирдах зөвлөлийн гишүүд, төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн ажилтнууд болон зөвлөх багийн ажилтанууд, тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн 33 хамгаалалтын  захиргааны дарга, мэргэжилтнүүд, Хангай, Төв, Зүүн бүсийн ТХГН-ийн орчны бүсийн зөвлөлийн төлөөллүүд, их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд зэрэг нийт 270 гаруй хүн оролцов.

Төслийн эхлэлийн семнарыг нээж БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ц.Цэнгэл болон KfW банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Питар Гиоергиев нар үг хэлэв. Ц.Цэнгэл дарга хэлсэн үгийнхээ эхэнд Монгол орны ТХГН-ийг байгуулах, хамгаалалттай нутгийн үндэсний сүлжээг өргөтгөх, менежментийг хэрэгжүүлэх, сайжруулахад олон улсын байгууллагууд болон донор орнууд ихээхэн хувь нэмэр оруулсаныг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол улс, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы KfW банкны санхүүжилттэйгээр 5 жилийн хугацаанд хэрэгжих “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь ТХГН-ийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэгдэнэ гээд төслөөс хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Хөтөлбөрийн дагуутөслийн зохицуулагч Б.Оргил, төслийн техникийн дэд зөвлөх, доктор П.Галрагчаа, төслийн зөвлөх багийн богино хугацааны зөвлөхүүд болох проф. доктор М.Мьюленберг,Х.Хоффманн, доктор А.Намхай, О.Мэндбаатар, Г.Гансүх нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгийн үеэрхи асуултууд нь төсөл хэрэгжих бүс нутаг, хугацаа, тавигдах шалгуур, шалгаруулалтын үе шатууд, үндэсний болон олон улсын ТББ, судалгаа, шинжилгээний байгууллагууд төсөлд  хэрхэн оролцох, ХЗ-тай хамтран ажиллах хамтын менежментийн гэрээний тогтсон загвар байгаа эсэх зэргийг тодруулах, ойлголтоо бататгахад чиглэгдэж байв. Илтгэгчид тухай бүрд нь холбогдох хариултуудыг өгч, цаашид анхаарч ажиллахаар боллоо.

Семинарыг хааж БОНХАЖ-ын сайдын албан бус зөвлөх, доктор Ц.Адъяасүрэн үг хэлэв. Ц.Адъяасүрэн зөвлөх тусгай хамгаалалттай газрын менежментийг орчны бүс, экологийн коридоритой нь хамтад нь авч үзэж, их хэмжээний хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжих гэж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Германы Засгийн газраас тусгай хамгаалалттай газар, түүний орчны бүсийн талаар олон жил Хан Хэнтийн ДЦГ, Горхи Тэрэлж, Говь Гурван Сайханы БЦГ, Хангайн нурууны УТХГН-уудад хамгаалалтын менежментийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглээд, энэ шинэ төслийн хүрээнд ТХГН-уудад сонгон шалгаруулалтын журмаар дэд төслүүдийг төслийн удирдах зөвлөл сонгон шалгаруулах учраас хамгаалалтын захиргаад шаардлага хангасан, сайн төсөл бичиж оролцох нь чухал байгааг анхааруулав. 

 

Share

Цаг агаар

d2d30ed22f64cdfc0bace5ed4613c244.jpg

Холбоо барих

Монгол улс,  Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 18,
Даун Таун 401 тоот
 
Утас: 7014-0166
Утас: 7011-6901
И-мэйл: piu@baccp.mn